Орон нутаг ба МоЭнКо ХХК

МоЭнКо ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2014 онд Ховд Хөшөөт Хөгжил Санг (ХХХС) үүсгэн байгуулж, уг санд экспортлосон нүүрсний тонн тутмаас Хамтран ажиллах гэрээнд заасан тогтсон дүнгээр хандив төвлөрүүлэх замаар орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна. Сангийн төсвийн хуваарилалт, зарцуулалтыг Ховд аймгийн ИТХ-аар жил бүр хэлэлцэн баталж, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт хэрэгжүүлэх 400 гаруй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулжээ.

Манай компани ХХХСанд нийт 23,3 тэрбум төгрөгийн хандивыг орон нутгийн хөгжлийг дэмжиж төвлөрүүлсний дотор 2022 онд 6,2 тэрбум, 2023 оны эхний 3 улирлын байдлаар 7,7 тэрбум төгрөгийн хандивыг төвлөрүүлээд байна. Хамтран ажиллах гэрээнд заасны дагуу 2023 оны 4-р улиралд ногдох хандивыг 2024 оны эхний улиралд нэмж төвлөрүүлнэ.

Манай компани өнгөрсөн хугацаанд 571,2 мянган тонн нүүрсийг орон нутгийн дотоодын хэрэгцээнд нийлүүлснээс 218,8 мянган тонн бүхэл, 299,3 мянган тонн эрчим хүчний нунтаг нүүрсийг бэлтгэн нийлүүлж, 53,1 мянган тонн нүүрсийг иргэд, байгууллагуудад хандиваар олгосон. 2014 оноос хойш бүхэл нүүрсийг иргэдэд 25 мянга, эрчим хүчний нунтаг нүүрсийг 10 мянга, албан байгууллагын хэрэгцээнд 60 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үнээр буюу олборлосон өртгөөс нь хямд үнээр нийлүүлж ирлээ.

2023-2024 оны халаалтын улиралд иргэдийн гар дээр очих тээвэрлэлтийн зардал шингэсэн нүүрсний үнийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 1,211 тэрбум төгрөгийн өртгөөр 17 сумын нийт айл өрхийн хэрэгцээнд 42520 тонн бүхэл нүүрсийг үнэ төлбөргүй нийлүүлэх, Жаргалант сумын орон сууцанд амьдарч буй айл өрхийн халаалт дулааны үнийг хөнгөлөхөд 148 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Хөшөөт багийн төвийн нүүлгэн шилжүүлэлт:

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 215 өрх бүхий томоохон багийн төвийг засаг захиргааных нь нэгжийн хувьд цогцоор нь нүүлгэн шилжүүлэх төслийг 10,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж, жишиг багийн төвийг барьж байгуулсан.

Уг багийн төв нь:

Захиргааны барилга

100 хүүхдийн цэцэрлэг

Соёлын төв

Цахилгаан хангамж

Уурын зуух

Халуун усны барилга

Цэвэр бохир усны шугам сүлжээ

Цэвэрлэх байгууламж

Ус түгээх цэгүүд

Амины орон сууцны барилгууд

Өрх бүрт 900м2 нэг загварын хашаа

Уг багийн төв нь дээр дурдсанчлан 16 төрлийн дэд бүтцийн барилга байгууламжаас бүрдсэн. Мөн нийт айл өрхөд 3,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн нөхөн олговор олгосны дээр өрх бүрт 8 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон.

Бусад:

ХХХСан болон ОНХСанд (2023/01/01-нээс эхлэн) төвлөрүүлж буй дээрх хандиваас гадна 4,2 тэрбум төгрөгийн бусад хандив, тусламжийг орон нутгийн иргэд, байгууллагад олгоод байна. Эдгээр хандив тусламжийг нийгмийн хариуцлагын хүрээнд өвөлжилт хүндэрсэн малчид, иргэдийг өвс тэжээлийн болон бусад шаардлагатай эд зүйлсээр хангах, 211 оюутны сургалтын тэтгэлэг, 100 мэргэшсэн жолооч бэлтгэх хөтөлбөр, Ховд аймагт хөрөнгө оруулалтыг татах, хөөмийг Гиннесийн номд бүртгүүлэх, Ковид цар тахлын үеийн тусламж дэмжлэг зэрэг нийт 143 төсөл арга хэмжээнд зориулж олгосон байна.